02/01/2026
ИХ УЙЛАХАА МЭДЭЖ БАЙСНААС ТЭР
Миний хувьд номоо худалдаж авчхаад нэлээд шийрэгнэж байж эхлүүлсэн. Тамтаггүй их уйлахаа мэдэж байснаас тэр. Тэгээд л “...Нармайн угаар шархиран, зовхины хүрээ халуу оргих...” хэмээн уйлахын урьтал, дотоод өвдөлтийн гадаад шинжийг гоё хэлж дээ хэмээн бодон уншиж явснаасаа нэг их удалгүй л усан нүдэлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хөгшин ээж нь цөнтэй гол гатлан тэмүүлсээр ирснээс хойш уйлдаг ажил эхэлсэн дээ. Угийн уйлхай дээр нүүдэлч ахуйтай ширхэг үгэнд л хайлах нь дурсамжтай маань холбоотой.
Ахуй
Энэхүү зохиолоос нүүдэлч ахуйг, тэр ахуйгаас үүдсэн үг хэллэгтэй нь, үнэ цэнтэй нь видео хальсаар үзэж буй мэт тодорхой дүрслэн буулгасан нь хамгийн гайхалтай байлаа. Хэдийгээр нүүдэлч соёлын зах зухтай зохиол зөндөө байх ч хуучны жинхэнэ сонгодог ахуйд төрж өссөн хүний мэдрэмж тэс өмнөө байдаг. Тэр дундаа Алтайн хязгаар дахь үндэстний цөөнх түмний аж төрлийг ийн цаасанд буулгаж үлдээсэн нь маш үнэ цэнтэй. Хуучны сонгодог ахуй хэмээн онцолсон нь өнөө цагийн нүүдэлч амьдралд техник технологи орж ирснээрээ цэвэр соёлын элементүүд саармагжиж, түүнийг дагаад сэтгэлгээний хувьд ч олон зүйл өөрчлөгдсөн. Харин энэ зохиолын шижир ахуйгаар дамжуулан монгол ёс уламжлал, монгол хүний философи, амьдралын ухаан, хүн байгалийн хүйн холбоог харж болно. Монголын утга зохиолын алтан үеийн аварга зохиолчдын жинхэнэ үгийн сувдыг түүсэн, монгол ахуйг имэрч үзэхээр бодит дүрсэлсэн зохиолууд мэдээж олон. Гэхдээ главлит хэмээх хяналтын системээр агуулга нь шүүгддэг байсан тухайн үеийн зохиолуудад их бага хэмжээгээр нийгмийн нөлөө туссан харагддаг. Харин Ч.Галсан гуайн хувьд сэтгэлийнхээ аглагт эрх чөлөөтэйгөөр зорчин бичсэн нь эхнээсээ төгсгөл хүртлээ ганц ч түгдрэлгүй уншигдах, уншигдаж дуусаад уншигчийг уртаа хугацаанд бодролтой үлдээх байдлаас харагдана. Миний хувьд тэр өнгөрсөн үе, тэр нүүдэлч амьдрал дунд л монгол хүний, монгол соёлын, амьдрах ухааны хамгийн нүнжигтэй болгон нь байж дээ хэмээн санагалзах. Тэгээд бодохоор эд хэрэглэл нь ихэдсэн хэрнэ дотооддоо хөндий хоосон өнөө цаг ардаа үлдээх зүйл нэн ядмаг санагдана.
Харилцаа
Зохиолд гарах хүн хоорондын хийгээд мал амьтан, байгаль дэлхийтэйгээ харьцах харилцаа их нандин. Зохиолч тэрхүү бага насныхаа явдлыг ширхэглэн санаж байгаа нь ч гайхалтай. Бага насан дахь өөрийн биеийн төлөөнөөс дамжуулан хэлж, ажиглан дүгнэж байгаа бичлэгийн хэлбэр сонирхолтой. Тулга тойрсон энгийн ярианаас аавын холч ухаан, ээжийн хурц авир, эмээгийн сэтгэлийн хатыг олон таван үггүйгээр ойлгож болно. Тэрчлэн амьдралын учрал тохиол бүрээс үүдсэн хүүгийн жижигхэн биедээ ахадсан бодол, зовнилыг харуулсан нь уншигч дан өөрийн мэдрэмжээр биш хүүгийн сэтгүүлзүйтэй цуг байж унших нь илүү амьд. Тухайлбал, “...Ээж хоолойгоо засах нь аавын дуугарахыг хүлээгээд ядчихсан, эсвэл аавд дэм болохын алин болохыг тэр үед би мэдсэнгүй” гэх мэт үл анзаарагдам жижиг мэт зүйлсийн цаана сэтгэлзүйн том үелзлүүд явж буйг мөн л товч тодорхой гаргасан шийдэл гоё. Энэ мэт ах эгч хоёрыгоо хүлээж ядаж байгаа, ирэхэд нь бишүүрхэж байгаа, Хар толгойт хониныхоо махыг идэж байхдаа өөрөөсөө айх мэт болж байгаа гэх мэт хүүгийн дотоод төлөвшлийн хэсгүүд уншихад таатай. Дээрх харилцаан дундаас Арзылан нохой болон хөгшин ээжээс асгарчбайгаа хайрын дүрслэлүүд үнэхээр хайр хүрч, хамар шархирам. Мал амьтан, байгаль дэлхийтэй харьцах нь нүүдэлчин ард түмний амьдралын нэг том ухаан гэдгийг зудын үеийн дүрслэлээс харж болно. Үүнтэй холбоотой ганц л дүрслэлээр жишээ авахад эх нь хангайн амьтанд бариулж үхээд, хөх нь хөрөөгүй байхад цусан дундаас гал уургийг нялх хурганд нь амлуулж байгаа байдал яг л уран зохиол шиг уншигдана.
Үг
Яруу тансаг монгол хэлтэй ном унших сайхан. Өнөө жинхэнэ монгол ахуйтай зохиол ховортой адил сайхан монгол хэлтэй зохиол нүдний гэм. Харин энэ туужид “Миний хөгшин ээж бол хүний торго”, “Таны сэтгэл, тэргүүн хоёрын цагаан ямар ч хар хэлийг цайлгах биз”, “...өтөнгөр хүүхэд буцламтгай сүүнд унаж шалзарсан мэдээ..... сонссон бүхний сэтгэлийг цуг шалзлан...”, “миний сэтгэлийн энгэрт гучин хөөрхөн улаан нар, жирсхийн мандаж, ярсхийн гэрэлтэх аястай” гэх мэт уран дүрслэлүүд байхаас гадна монголчуудын үе уламжилж ирсэн ухааны хураангуй болох хэлц үгийг олонтоо ашигласан нь уншууртай. “Эвэртэй бяруунаас болдоггүй, эвлээгүй үгээс болдог”, “Саваа барьсан хүнд нохой өшөөтэй, санааг нь мэдсэн хүнд хүн өшөөтэй”, “Сайн эрийн буурин дээрх хормой аргал, муу эрийн буурин дээр хормой хог”, “Ядуугийн үр хүүхэд эрх, баяны үрээ даага эрх”, “Шувуу дуулбал араасаа сайн юм дагуулах, орилбол муу юм дагуулах” . Ерөөс ардын ухааныг шахсан бяслаг шиг хураасан хэлц үг бол соёлын маш том элемент. Бид ярианы хэлэндээ биш гэхэд бичгийн хэлэндээ их сайхан монгол хэлнийхээ баялаг их хэлцээс ашиглавал Чинагийн Галсан гуайн энэхүү бүтээл шиг нүнжигтэй болох сон билээ.
Ийнхүү хөгшин ээжийг өрөвдөж эхэлсэн нулимс Арзылан нохойн үхэлд харамсан унагасаар дууслаа.
Д.Пүрэвсүрэн