20/06/2023
2023 оны зуны аяллын "тренд" чиглэлүүд юу вэ?
Манайхаас сая 5 сард зохион байгуулсан олон улсын "Улаанбаатар Травэл Экспо" үзэсгэлэнгийн үеэр нийт 200 гаруй иргэдээс энэ жил хаашаа аялах бодолтой байгаа талаар нь манай залуус түүврийн аргаар бэсрэг судалгаа авсан юм. Байгууллагын судлаач, докторант Баделгажы ЕРБАХЫТ-ын ахалсан дүн шилжилгээнээс хархад энэ жилийн Наадмын өмнөх ба дараах үеийн дотоодын жуулчдын “Их аялал” нүүдэл-байлдан дагууллын үдсэн чиглэл нь дараах байдлаар харагдаж байна. Үүнд: 1 дүгээрт тэгш ой тохиож байгаа Архангай зэрэг Хангайн бүс нутгаар, 2-т Говь-Алтай, Ээжхайрханы чиглэлд, 3-т Хөвсгөл далай, 4-т Дархан, Сэлэнгийн чиглэлд, 5-д Баян-Өлгий аймаг, 6-д Өмнөговь зэрэг говийн чиглэлд, 7-д Буйр нуур зэрэг зүүн бүсийн чиглэлд, 8-д Улаанбаатар хотын чиглэл тус тус байх дүр зураг гарчээ. Аялагчдын ихэнх нь буюу 33% нь аялалд 1.0-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа бол 14% нь 1.3-1.5 сая, 14.5% нь 1.5-2.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Судалгаанд 20-63 насны иргэд хамрагджээ. Аялагчдын аялалд зарцуулах мөнгөн дүнг түүвэр болон нийт жуулчдын тоотой харьцуулах замаар 7,8 сард аялах жуулчдын эдийн засагт үүсгэх нийт эргэлтийг тооцоолох боломжтой байдаг. Энэ тооцооллоор 860-883 мянган дотоодын жуулчид (манайхаас сүүлийн хэдэн жил гаргасан тооцоолол) багадаа 211.9-220.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэх үүсгээнэ гэсэн үр дүн гарч байна.
Манай хөдөө орон нутгийн аялал жуулчлалынхан бэлэн үү? Энэ бүгдийг хүлээж аваад, үдэж гаргах улсын болон орон нутгийн ТХГН-ын хамгаалалтын захиргаад, манай дээд Яам бэлэн үү? Урдын адил их шуурганд өртсөн мэт өнгөрөх үү, эсвэл эдийн засгийн үр өгөөжийг орон нутагт дээд зэргээр авч үлдэх үү гэх мэт асуултууд үүснэ.
Монгол Улсын иргэд дотооддоо ихээр аялах болсноос хойш дотоодын аялал жуулчлал улсын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг болсон ч харамсалтай нь өнөөдөр хүртэл хэр их хэмжээний эдийн засгийн эргэлт бий болж байгааг тооцоолж чадахгүй байна. Монголын АЖ-ын үндсэн суурь нь дотоодын аялал жуулчлал. Жуулчид гэхээр ганцхан гадаадын жуулчид биш. Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандарт нь гадаад, дотоод гэлтгүй адил байж цаашид хөгжинө гэдгийг гадаадаас жуулчид авдаг хүний баттай хэлж чадна. Үндэслэлтэй эсрэг шүүмж, саналууд сонсоход бид бэлэн.
Хувь хүн, судлаачид, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийнхэн манайд хандаад, энэ бэсрэг судалгааний өгүүллийг бүрэн эхээр нь, чөлөөтэй авах боломжтой. Мөн цаашид дотоодын аялал жуулчлалын статистик тоо гаргах, судалгаа хийхэд хамтран ажиллах хүсэлтэй гадаад, дотоодын байгууллагуудтай хамтарч ажиллана.