25/01/2024
Луу жилийн дурсгалын мөнгө дэвсгэрт
Луу жилийн цагаан сарын баярт зориулан Хятадын ардын банкнаас лууны зурагтай дурсгалын 20 юанийн хуванцар мөнгөн дэвсгэртийг хэвлэн 100 сая ширхэгийг худалдаанд гаргажээ.
Мөн зэс хайлш бүхий 10 юанийн зоос 120 сая ширхэг худалдаанд гарчээ.
Бээжингийн цагаар 01-р сарын 03-ны 22:00 цагт урьдчилсан захиалга нээгдэж бүх банкны интернэт үйлчилгээнд гацалт үүсч, банкны үүдэнд олон өдөр урт очер дараалал үүссэн байна. Хэдийгээр тус мөнгөн дэвсгэр, зоос нь одоо мөрдөгдөж байгаа Хятадын мөнгөн дэвсгэрттэй ижилхэн үйлчилж, ижил үнэтэй байх боловч мөнгөн тэмдэгт зоос цуглуулагчдын дунд ихээхэн эрэлттэй байж өнөөдрийн байдлаар 1 дэвсгэрт нь 90 юанийн үнэд хүрээд байна.
Мөнгөн дэвсгэртийн нүүрэн талд“БНХАУ-ын төрийн сүлд”, “БНХАУ-ын ардын банк”, “20 юань” гэж бичсэн бөгөөд Хүчит лууны баруун дээд талд эртний ханзаар луу гэсэн бичигтэй дардас даржээ.
Мөн доод талд нь мандан бадрахын бэлэгдэл цээнэ цэцгийн хамт Хятадын цагаан сарын билэг тэмдэг “Буян хишиг, аз жаргал” хэмээх утга бүхий “福” ханзийг лууны дүрслэлээр сийлжээ. Харин дэвсгэртийн ар талд Хятадын уламжлалт цаасан урлал болон гоёл чимэглэл, Цагаан сарын зургийн элементүүдийг хослуулсан Луут бүжиг хийж буй хүүхдүүдийг дүрсэлжээ.
Хятад улс нийтдээ 6 удаа дурсгалын мөнгөн дэвсгэрт гаргаж байсан ба хамгийн анх 2000 онд шинэ зуун гарсантай холбогдуулан 100 юанийн дурсгалын мөнгөн дэвсгэрт 10 сая ширхэгийг худалдаанд гаргаж байсан нь тухайн үедээ 3000 юанийн үнэд хүрч байжээ.
Мөн 2008 оны Бээжингийн олимпод зориулан гаргасан 10 юанийн мөнгөн дэвсгэрт одоог хүртэл эрэлттэй хэвээр байна.