15/04/2019
МАЛДИВЫН ТУХАЙ МЭДҮҮШТЭЙ ЗҮЙЛС
📑 ВИЗ: Малдив шиг дэлхийн бүх улс оронд үүд хаалгаа чөлөөтэй дэлгэчихсэн улс өөр байдаг болов уу. Визгүй зорчдог Энэтхэг, Брунейгээс бусад бүх орны иргэд хил дээр 30 хоногийн on-arrival виз даруулах эрхтэй. Тэгэхээр Хойд Солонгосын яг над шиг залуу хэрэв нутгаасаа л эсэн мэнд гарч чадвал Малдивын далайн эрэг дээр очоод нар шингэхийг харж болно гэсэн үг. Ийм л нээлттэй улс. Хил дээр виз даруулна гэхээр маягт бөглөж, хураамж төлнө гэж бодож байна уу? Үгүй, хилийн ажилтанд буцах тийз, буудлын захиалгаа үзүүлэх төдийд л паспортон дээрээ эндхийн тэнгисийн ус шиг номин ногоон дардас даруулна. Гоё байгаа биз! Би лав олон олон дардас дундаасаа үүнийг л онцолж харах дуртай. Нэмж зөвлөхөд тийз, буудлын захиалгаа хэвлээд оччихвол хэн хэнийхээ ажлыг бүр л хөнгөвчлөх юм билээ.
✈ НИСЛЭГ: Монголчуудын хувьд нийслэл Малэ хотод хүрч очих хамгийн боломжит хувилбар бол Бээжин, Хонгконг, Сөүл, Куала Лумпур, Истанбулаас нисэх. Энэ дундаа Куалагийн нислэг нэлээд хямд. Эрт захиалсан тохиолдолд ирж очих тийзээ 200 долларт багтаах бүрэн боломжтой. Туркийг үзээд урагш ухасхийх, эсвэл Зүүн Өмнөд Азиар аялангаа ийш нисэх гэх зэргээр аяллаа илүү өргөн хүрээгээр төлөвлөвөл нэг нислэгийн үнээр нэлээд хэдэн орныг үзэж болно гэсэн үг.
🏝 НИСЭХ БУУДАЛ: Ниссээр, ниссээр нэг арал дээр бууна, тэр нь Велана гэх гоёмсог нэртэй нисэх онгоцны буудал. Алхсаар, алхсаар гадагш гарвал өлмийд чинь цэлэлзэх их ус, тэр нь Арабын тэнгис. Тэгээд ахиулсаар, ахиулсаар алсыг ширтвэл ойрмогхон нэг арал буй, тэр нь нийслэл Малэ хот. Ингээд ярих төдийд л энэ улсын бүх юм хэний ч хувьд жигтэй сонин санагдана. Нисэх буудал нь яахавдээ, манай Буянт-Ухаархуу, мөнгө сольдог газартай юу газартай, кофе уух кафетай юу кафетай, үнэгүй интернэтгүй юу интернэтгүй, үүдэн дээрээ такситай юу такситай. Хаа очиж такси нь эрэлттэй учраас "Унаа авах уу?" гэх үг олж сонсохгүй.
🏙 НИЙСЛЭЛ: Малдивчууд нийслэл, нисэх буудал, Хүлүмалэ арлаа холбосон асар том гүүр хятадуудаар бариулжээ. Гүүртэй болчихсон учраас энэхүү гурван арал газрын зураг дээр бараг л Ш үсэг шиг харагддаг. Хэрэв жилийн өмнө Малдивт ирсэн бол захиалсан зочид буудал руугаа завьтай дөхөхөөс өөр сонголтгүй байв. Нисэх буудлын хойд талд орших Хүлүмалэ арал (Hulhumale) зочид буудал ихтэй. Харин Малэ хот - арал дээр л байгаа болохоос биш нийслэл шиг л нийслэл. Захиргааны байшинтай юу байшинтай, захтай юу захтай, хөлбөмбөгийн талбайтай юу талбайтай. Бүр элчин яамууд хүртэл байна билээ. Арлаас арлын хооронд амьдрал өрнөдөг энэ улсад мэдээж хамгийн хямд тээвэр завь, усан онгоц л байж таарна. Малэ руу такси 10 орчим доллар, харин завь нэг доллар (10 руфи) хүрэхтэй үгүйтэй. Малид очоод Хүлүмалэ руу завиар явж болно, эсвэл нисэх буудлаас тийш таксидаж болно. Нисэж нисэж ирчээд нийслэл орчимд нэг хонох уу, үргэлжлүүлээд дараагийн арал руугаа явах уу гэдгээ шийдээд ирсэн нь дээр. Хэрэв нийслэлд нь нэг юм уу хоёр хонохоор шийдсэн бол би Хүлүмалэг санал болгож байна. Хамгийн тохиромжит хувилбар бол хоёр хонох. Эхний шөнө нойр авна, маргааш өдөр нь Малэ руу завиар явна, үүргэвч цүнхгүй учраас булан тохой бүрийг нь сонжиж гүйцээд оройдоо завиар буцна, ингээд дараагийн өглөө амрах гэж ирсэн арал руугаа хөдөлбөл зүгээр. Нийслэлээс холдох тусам амралтын газрын үнэ хөлс гээч зүйл пуужинд суугаад танд баригдахгүй талийж одно. Тиймээс дэлхийн хамгийн жигтэй нийслэлийг төсөрхөн зардлаар үзчихээд цааш хөдөлбөл тун зүгээр гэж зөвлөе.
🏖 АРАЛ: Малдивт нисэж нисэж оччихоод хэн л нийслэлд нь хоёр хоночихоод буцахыг хүсэх билээ, мянга орчим арлаас нь сонголт хийж таарна. Зөв арлаа сонгоно гэдэг магадгүй энэ аяллын хамгийн хэцүү, хамгийн төвөгтэй хэсэг байж мэднэ. Бараг казиногийн рулетэд зөв тоо таахаас ч хэцүү. "Малдивт амрах чинь бохины л мөнгө" гэх төрөлд багтах аялагчид амралтын газрынхаа үнэлгээ, орчинд л анхаараад энэ хэцүү ажлаас төвөггүйхэн мултарч болно. Харин зээл аваад ч болтугай очоод үзчих юмсан гэх бидний дийлэнх маань багтаж буй дараагийн төрлийн аялагчид амрах гэж буй арлынхаа хол ойрыг сайн судлах хэрэгтэй. Зөвхөн нисэж л хүрч очдог арлууд энд зөндөө. Зээлсэн мөнгөнийхөө дийлэнхийг зөвхөн тээвэрт зориулчихвал өөр тэгээд юугаараа идэж уух билээ. 😁 Нутгийн хүмүүсийн аж амьдрал, соёлыг сонирхонгоо эзгүй эрэг дээр нь майхан ч болтугай зоогоод хэсэгхэн амьдармаар байгаа сүүлчийн бүлэг хүмүүс нийслэлтэй аль болох ойр, нийтийн тээвэр (public ferry) хүрч очдог арал сонговол зүгээр. Ер нь арлууд руу хүрэх олон сонголтоос хамгийн үнэтэй нь усан дээрээс хөөрдөг жижиг нисэх онгоц, дундаж үнэтэй нь хурдны завь, хямд нь мэдээж зорчигч тээврийн жижиг усан онгоцууд. Сүүлийнхэд нь суух юм бол яг л манай Ховд, Архангайн төв ордог автобусуудыг санагдуулна. Дайвар авна, ачаа ачна, бүр мопедтойгоо зорчиж болдог гээд төстэй, хачирхам зүйлс их. Монголд бараг бүх машин Улаанбаатараас хөдөлж, Улаанбаатарыг зорьж байдаг шиг энд бүх завь Малэгээс хөдөлж, Малэг зорьдог гэвэл хэлсдэхгүй.
🍺АРХИ: Малдивт зөвшөөрөлтэй амралтын газар биш л бол хаана ч архи зарахгүй. Хэрэв нутгийн хүн энэ арал дээр архи зардаггүй гэж хэлсэн бол зардаггүй л гэсэн үг. Хатуу хууль цаазаасаа айгаад архи шаглаж зардаг газраа танаас нуусан гэж бодож байна уу? Тэгвэл үгүй. Малдивчууд чин үнэнч хүмүүс. Нар жаргаад байдаг, халбага пиво уумаар байдаг, ийм үед анхнаасаа буруу арлаа сонгосон бол архины бурхан тэнгэр байгаад ч авралгүй гэсэн үг. Яахав зарим нь хурдан завь хөлөглөөд ойролцоох арал руу ухасхийдэг гэсэн. Тэр үед халбага пивоны тань зардал хоёр гурван оронтой доллараар л хэмжигдэнэ. Архи зардаггүй юм бол авдар авдраар нь аваачаад очъё гэж бодож байгаа бол архи авчрах хориотой гэдгийг нэмж сануулахад таатай байна. Малэд нэг л газар архийг авдар авдраар нь зарж байгааг буцахдаа харсан: Онгоцны буудлын трансит бүсэд.
Жич: Аялал маань энэ хүрээд түр амсхийж байна. Бодож төлөвлөх зүйл их. Бас бие болоод оюун санаанд бага зэрэг тухгүй мэдрэмжүүд ажиглагдсан. Эдгээрийг амсхийж, амарч байж л "эдгээх" бололтой. Мөн Сөүлийн найз нутаг буцсан. Бангкок дахь 2, Куала Лумпур дахь 2, Малдив дахь 3 өдрийг минь бүхий л талаар аварсан Токио, Сөүлийн хоёр найздаа дахин талархаж байна. Үүнээс гадна удахгүй туслах Оюутолгойн хоёр найздаа талархъя. 😛 (Хэдий ядарсан ч гэсэн хошигнох чадалтайгаа үлджээ) Би мундагтаа энэ хүртэл яваагүй юм шүү. Эднийхээ гэрэл гэгээнд их юм үзлээ. Яг одоо хүсэж буй зүйл бол ийш тийш хэрэн хэсүүчлэх биш, нэг газраа үлдэж хоцроод хэсэгхэн зуур "амьдармаар" байна. Өдөр бүр нь нэг ижил өдрүүдээ санах шиг. Тиймээс нэг хэсэгтээ зураг пост хийж чадахгүй болсонд хүлцэл өчье. Хэрэг гарвал Куалад ирээд залга, тоглох хэрэггүй.
ТЭМДЭГЛЭЛ