19/09/2026
УНДРАА ҮЕР БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ
Англи, франц хэлтэй, хээрийн алхалтын аяллын хөтөч
ЖУУЛЧДЫН МААНЬ НҮДЭН ДЭЭР... Хээрийн явган аялал заримдаа маршрутаасаа шалтгаалаад машин дагалдахгүй явагдах нь бий. Өнгөрсөн 5 сарын дундуур Хөвсгөлийн Хатгалаас Ринченлхүмбэ сум хүртэл 18 хоног алхах аялалд хөтчөөр явлаа. УБ хотоос автобусаар гарсан бөгөөд жуулчид маань амьдралын асар туршлагатай, янз бүрийн орноор аялчихсан 65-72 насны 11 франц байсан. Тэднийг 40 жилийн турш Альпийн нуруугаар аялал удирдсан туршлагатай тур лидер дагалдан ирсэн. Тус аяллын сүүл хавьд хээрийн гал тогоондоо ашиглаж байсан 20л-ийн баллонтой газ жуулчдын маань нүдэн дээр дэлбэрсэн. Азаар хэн нэгэн хүн өртөөгүй боловч тэрийг харсан жуулчдын сэтгэлзүй ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой байв. Тус аялалд орон нутгаас 22 морь болон 7, 8 морины хөтчийг авч, хээрийн аяллын тогоочтой аялсан. Гэвч моринд аяллын ачаа ачиж үзээгүй хүмүүс явсан байсан, газ гэж юу байдгийг сайн мэдэхгүй, яаж аюулгүй зөөвөрлөхийг мэдэхгүй хүмүүс байж таарсан. 7, 8-уулаа хэрнээ 2 нь л ачаагаа ачдаг байсан. Алхаад явж байхад өдрийн хоолон дээр явган хүний алхалтыг морь нь гүйцэж ирэхгүй тохиолдлууд гарсан. 18 хоногийн турш бүрхэг өдөр нь дийлэнх, өвдөгөөр татсан зузаан цастай, тэрнээс доош шавар шавхайтай нөхцөлтэй тулсан. Уулын алхалтын хэчнээн үнэтэй “маммут (Mammut)” гутал байсан ч хамаагүй шаварт орсон бол нэмэргүй болдог. Өдөрт 25-30км алхах хөтөлбөртэй ирсэн ч 15км ч алхаж чадахгүй ядардаг жуулчид байсан. Тур лидер нь өөрөө өдөр болгон хөтөлбөрөө өөрчлөе гэж над дээр ирнэ, чамд гарц байна уу, би одоо яах вэ гэдэг байсан. 10 жуулчин маань бүгд над руу харна, монголчууд маань ч над руу харна. Уулын алхалтын аялалд явдаг болсноор би өөрийгөө “нээсэн” гэхэд болно, өөрөөсөө гайхалтай зүйлийг олж харсан, тэр бол миний тайван амгалан байдал байсан.
МОРЬ МАЛ БОЛ ТЕХНИК БИШ. Алхалтын аялал нь энгийн аяллуудаас тэс өөр, хөтөлбөр нь ч бусад аяллаас өөр, аюулгүй ажиллагааны дүрэм өөр, жолооч нь энгийн аяллын жолоочоос өөр, хөтөч нь өөр, мөн хээрийн аяллын тогооч дагалдана. Алхалтын аяллын онцлог нь 10-15 хүнтэй бүлгээр аялдаг, ганц хоёр жуулчинтай байгаад зардлаа дийлэхгүй, маш өндөр үнэтэй аялал болдог. Мөн Монгол талаас 10 гаруй хүн, нийлээд 20-25 орчим хүний баг болно. Машин явахааргүй газруудад жуулчдынхаа ачааг морь, тэмээ, сарлаг гээд ердийн хөсөгт ачдаг. Ачааныхаа тэнцвэрийг хангах, бороонд норгохгүй байх, голын усанд автуулахгүй байх гээд тэр чигтээ зохион байгуулалтын асуудал юм. Ямар нэгэн жуулчид байхгүй, малчин айл ховор, эзгүй шахуу зэрлэг байгалиар алхдаг учраас аяллын баг бүтнээрээ хөтөч намайг харна, миний шийдвэрийн дагуу л хөдөлнө. Миний ажил "хэн нь өглөө эрт босох уу" гэдгээс эхэлдэг.
Аяллын үед тааварлах аргагүй цаг агаарын нөхцөл үүсч магадгүй. Алхалтын аяллын хөтөлбөрийг уулын алхалт хийдэг хүн өөрөө гаргах нь зөв байдаг. Албан өрөөнд компъюторын ард суудаг хүн гаргадаг хөтөлбөр огт биш юм. Тухайн өдөр хэдэн км алхаад хаана өдрийн хоолоо идээд, хаана отоглож буух вэ гэдгийг аяллын менежер, захирлууд өөрсдөө эхэлж туршиж үзчихээд тэр хөтөлбөрийг зарах ёстой. Хэдийгээр би тэр аяллын хөтчөөр явж байгаа ч тухайн хөтөлбөрийг гаргаагүй байдаг. Алхалтын аялалд морь, тэмээг оролцуулдаг учраас хаана өвс, тэжээлтэй, устай билээ гэдгийг тооцоолж төлөвлөх учиртай. Морь мал бол техник биш, бас биднийг дагаж, туугдаж явдаг амьтан гэдгийг бодолцох хэрэгтэй. Алхалтын аяллын үед жуулчид "монгол хүн малтайгаа яаж харилцаж байгаа"-г хараад явж байдаг.
ТҮРИЙНИЙ ӨНДРИЙГ Ч ХЭЛЭХ ЁСТОЙ.
Алхалтын үед хэдэн метр уруудаж байна, хэдэн метр өндөр авч байна, 400 м өндөр авалттай алхалт дээр өндөр авалт нь огцом байна уу, алгуур байна уу, тэрийг хүртэл тооцоолохгүй бол жуулчдын хувьд даралтын хэлбэлзэл үүснэ, зүрхний хэм алдагдаж алхаж чадахгүй байх тохиолдлууд үүснэ. Дээр дурдсан бүх нөхцөл байдлыг жуулчдад ирэхээс нь өмнө тайлбарлах ёстой. Нутгийн хүний газар шинжих ухаанд тулгуурлан отоглох газраа сонгодог, мөн хаанаас хаа хүртэл хэдэн км алхахыг тодруулдаг, жуулчид алхсан газраараа дахин алхах ёсгүй, өдөр болгон өөр газар алхуулж, өөр өөр байгалийг харуулж, мэдрүүлэх ёстой. Монголд ирээд хийж буй алхалт нь уулархаг нутгийн бартаатай, адармаатай жимээр өдөрт дунджаар 25-30 км үргэлжилдэг, энэ бол тэс өөр ертөнц юм.
Энэ жил ажиллаж буй компаниуддаа хээрийн явган аяллын “санамж”-ийг боловсруулж өгч байгаа. Тухайлбал, морины хөтчүүдэд, жуулчдад, тогооч нарт зориулсан санамжийг тус тусад нь гаргасан. Тус санамжуудтай танилцаад өөрсдийн ажил үүргээ ойлгож ухамсарлаад алхалтын аялалд оролцох ёстой. Харин жуулчид тухайн санамжийг уншиж танилцаад зөвшөөрч байгаа тохиолдолд Монголд ирэх хэрэгтэй, ялангуяа хавар намрын алхалтын аялал нь тоглоом биш. Бороо ч орно, цасаар ч шуурна, өндөрлөг эх газрын эрс тэс уур амьсгалтай, өдөр шөнийн температурын зөрүү их, нэг өдөрт 4 улирал жинхэнэ утгаараа тохионо гэдгийг ойлгочихоод ирвэл аялал амжилттай болно. Баруун аймгууд, Хөвсгөлийн тайгад шавар намагтай газар их, бат бөх уулын гуталтай байсан ч нэмэргүй, усны гутал заавал хэрэгтэй. Гутлын түрийний өндрийг хүртэл хэлж өгөхгүй бол өвдөгөөр татсан намагтай газраар ч алхана. Хэчнээн сайн гутал байсан ч норчихвол хатахгүй, хөлнөөс сугардаггүй, хойноо чангалагчтай сандаль ч хэрэг болно. Үргэлж тэгш газраар алхахгүй, өвдөгнөөс дээш түвшинтэй ус голыг таягтайгаар туулж гарахгүй бол усанд унана, уулын голууд том том мөлгөр чулуутай, хүчтэй урсгалтай гэдгийг ойлгуулах шаардлагатай. Борооны хамгаалалтын цув хүртэл өвдөгнөөс доош урттай байх ёстойг хэлж өгөх хэрэгтэй.
ЖУУЛЧИД ТЭСЭРДЭГ.
Миний ажлыг хүндрүүлдэг нь ийм нарийн зааварчилга аваагүй жуулчид байдаг. Бодит байдал, аяллын хөтөлбөр хоёр зөрөөд ойлголтын зөрүүнүүд үүсчихдэг. Сайн ойлголтгүй ирснээс болж жуулчид ухардаг, шантардаг, өдөр болгон “аяллаасаа буцъя” гэж хэлдэг. Уулын алхалтын аялал сонгочихоод бороо ороход бухимддаг, хувцас нь нороход гомдож уйлдаг жуулчин ч ирдэг. Хээрийн алхалтын аялал нь монгол гадаадгүй хүний жинхэнэ мөн чанарыг нь ил гаргаж ирдэг гэж боддог. Сүүлийн үед хэний ч ярьдаггүй нэг сэдэвтэй өдөр бүр аяллынхаа явцад нүүр тулж байна. Тэр бол сэтгэцийн эрүүл мэндийн асуудал юм. Европт нүүрлээд байгаа цагаачлалын асуудал, үнийн өсөлт, санхүүгийн дарамт, ажилгүй бол амьдарч чадахгүй болчихсон нийгэм дотроос тэд Монголд ирдэг. Гадна талаас нь харахад европ жуулчид маш соёлтой, мөнгөтэй юм шиг харагдана. Гэвч тэдний бодит амьдрал бидний бодсоноос тэс өөр байдаг, дотоод стресс бухимдлаа аяллынхаа явцад гаргаж тэсрэх нь бий. Ялангуяа залуу хосууд цалин нь хүрэхгүй, байр сууц авч чадахгүй стрессэнд ордог, суурин иргэншил дэх дуу чимээ, хөл хөдөлгөөний бохирдолд хүүхэд байхаасаа дасчихсан, нэгэн хэвийн хайрцаглагдчихсан хүмүүс Монголд ирэхээрээ стресс бухимдлаа ил гаргаж уйлах нь уйлна, алхаж чадахгүй ядраад ирэхээрээ таягаа шиднэ, зан ааш нь хурц хэлбэртээ орох дээрээ тулна. Тэр болгоныг нь зөв удирдаж авч явахгүй бол аялал бүхэлдээ хүнд байдалд ордог.
ГОЁ БУЛЧИНЛАГ БОЛНО ГЭСЭН ОЙЛГОЛТ БИШ.
Манай монголчууд магадгүй сэтгэцийн эрүүл мэндийг “Шархадны эмнэлэг”-ээр төсөөлдөг байх, мэдрэлийн өвчин гэвэл 3-р эмнэлгийн тасгаар төсөөлж, тэнд эмчлүүлэх ёстой гэж ойлгодог байх. Тэр ойлголт бол асар бүдүүлэг ойлголт юм. Сэтгэц ба мэдрэл хоёрыг хамтад нь авч үзэх ёстой бөгөөд хүний тархи бодож сэтгэж байгаа нь өөрчлөгдөхөд зан төлөв, ааш авир нь дагаад хувирна. Маш энгийн зүйлд ч логик сэтгэлгээ муу байдаг, тухайлбал, түлээ оруулаад ирээрэй гэхэд “яаж” гээд зогсоод байдаг. Гар дээрээ тавиад тэврээд оруулахыг тэд төсөөлж чаддаггүй. Сүүл үеийн 25-35 настай жуулчдын хувьд дутах зүйлгүй хангалуун, хиймэл орчинд төрж өссөнөөс гадна тэднийг хүүхэд байхаас нь “чи хамгийн мундаг нь, чи хүссэн бүхнээ хийж чадна, хүсэх юм бол юунд ч хүрч чадна” гээд бодит амьдралаас тасархай төсөөлөлтэй хүмүүс болгочихсон байдаг. Тэр амьдралаас тасархай төсөөлөл дунд амьдарч байдгаа Монголд ирээд ойлгодог жуулчид их байдаг.
Алхалтын аяллын жуулчид ихэвчлэн “стресснээс зугтаж” ирсэн хүмүүс бөгөөд алхана, гүйнэ гэдэг нь тэдний хувьд гоё биетэй болно, булчинлаг болно гэсэн ойлголт биш. Тэд өөрсдөө тодорхойлж чадаагүй сэтгэц, мэдрэлийн эрүүл мэндийн асуудалтай байгаа учраас өдөр болгон өөрийгөө тайвшруулах гэж “гормоны эм” ууж байдаг. Өдгөө дэлхийн бодит аюул болчихсон энэ асуудлыг Монголын АЖ-ын салбарт хэн ч ярьдаггүй. Аяллын үеэр заримдаа жуулчдынхаа гаргаж буй хэвийн бус ааш араншинг хараад “энэ маань зүгээр л байдаг байгаа даа” гэж бодогдох нь бий.
УНДРАА ҮЕР БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
Өнгөрсөн жилийн намар 10 сарын сүүлчээр Ховдын Шаазгай нуураас Увс нуур хүртэл алхах үед нэлээд салхитай, бас хүйтэрч байсан. Тэр аяллын үед нэг сонин үйл явдал болсон. Хээр отоглочихоод яг оройн хоолоо идэх гээд хоолныхоо асарт цуглах үед гэнэт ширүүүн бороо асгарч, завдал өгөхгүй 30, 40 минут үргэлжилсэн. Төд удалгүй үерийн ус маш хурдтайгаар урсаж орж ирсэн, майхнууд усанд автсан, монгол гадаадгүй бүгд шоконд орсон, тэр хооронд би ямартаа ч өмсөх хувцас, нөмрөх хөнжил хуурай байх ёстой гэж бодоод жуулчиддаа “майхнаасаа хувцас, мишокоо аваад бүгд машиндаа хийгээрэй, тэгээд эргээд хоолны асартаа цуглаарай” гэж хэлсэн. Жуулчид миний хэлснээр хийгээд хоолныхоо майханд бүгдээрээ цуглахад бидний хөл доогуур ус нэвт урсаж, хоолтойгоо, бүх зүйлтэйгээ яг л голын усан дотор зогсож байсан. Би маш тайвнаар “одоо бүгдээрээ хоолоо идье, тогооч аль хэдийнэ хоолоо бэлэн болгочихсон, халуунаараа байна, сайхан хооллоорой” гэсэн чинь жуулчид бүгд мэл гайхсан, “Ундраа үер болж байна шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би “зүгээр ээ, энэ газрынхаа нөхцөл байдлыг харвал аюулгүй санагдаж байна, энэ бол түр зуурын үзэгдэл, үүл урагш нүүж байгаа нь дахиж бороо орохгүй гэсэн үг, үерийн усан дотор хоолоо идээд суусан гэдэг дурсамж тэр болгон амьдралд тань дахин тааралдахгүй байх, санаа зовох хэрэггүй ээ” гэж хэлээд өөрөө түрүүлээд хоолоо халбагадсан. Бүгд миний үгэнд орж хоолны ширээгээ тойрон суугаад чив чимээгүй хоолоо идэцгээсэн, тэр үед миний хоолойны өнгө ч өөрчлөгдөөгүй, хөл доогуур ус урссаар л байсан.
УНДАРМААГААС ӨӨР БАЙХГҮЙ БАЙХ АА.
Харин би хоол идэж байх үедээ “одоо дараагийн алхам юу байх вэ” гэж бодож эхэлсэн. Сая алхаж ирэх замд нэг малчин айл байсныг санаад “мөнгө төлөөд ч болтугай хонох боломжтой эсэхийг асуугаад ир” хэмээн жолоочоо явуулснаар асуудал шийдэгдсэн. Би жуулчиддаа “одоо малчин айлд зочилно, бид нарт нэг гэр, бас гал байхад болно оо, дулаахан тайван хононо, мишокоо дэлгээд бүгдээрээ зэрэгцэж хэвтээд унтацгаая” гэж хэлсэн. Жуулчдаа сайхан дулаацуулаад сууж байхдаа монгол гэрээ тайлбарлаад эхэлсэн. Тэр үйл явдал “би бараг хүчээр бороо оруулаад, тэгээд малчин айлд авааччихсан юм шиг л юм болсон”. Тэр аяллын төгсгөлд жуулчид маань “бид нар чамайг үнэхээр гайхсан, үер болж байхад ширээндээ суугаад хоолоо идье, сайхан хооллоорой” гэж хэлэх хүн магадгүй энэ дэлхий дээр Ундармаагаас өөр байхгүй байх аа” гэж хэлсэн. “Чиний тайван байдал биднийг тайвшруулдаг, бас бидний аяллыг сайхан дурсамж дүүрэн болгож чаддаг байсан шүү” гэж бүгд талархан тэвэрч байсан тэр дурсамж, одоо ч миний сэтгэлд тод үлдсэн байна аа.
Жич: Guide center-ийн 20 жилийн турш зохион байгуулсан сургалтад 4300 хүн элсэн суралцсан байна. АЖ-ын салбарт түр ажиллаад ихэнх нь өөрийн үндсэн мэргэжлээ дагаад явсан байх. Харин үлдэж ажилласан хүмүүс лав 500-гаас буухгүй болов уу. Тэднийхээ төлөөлөл болгож 20 төгсөгчтэйгөө “чин сэтгэлийн яриа” өрнүүлсэн байна. Энэ удаа Гайд төвийн төгсөгч Э.Ундармаа хэмээх уйгагүй хөдөлмөрч бүсгүйн ярианаас ердөө 4-хөн нүүр яриаг сийрүүлсэн нь энэ ажээ.
Овог нэр: Энхцогтын УНДАРМАА
Үндсэн мэргэжил: Бизнес удирдлага, мөн англи хэлний багш орчуулагч
Guide төвийн 2024 оны төгсөгч
Салбарт ажилласан туршлага: 4 жил
Эх сурвалж. Ярилцсан, яриаг нийтэлсэн Ч.Буянбадрах