23/03/2026
“ЛОКОМОТИВ МАНАС” ВЕЛО БАГ МОНГОЛЫН ГУРВАН ТАМИРЧНААР БҮРЭЛДЭХҮҮНЭЭ ХҮЧИРХЭГЖҮҮЛЛЭЭ
Урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дэмжин ахиулах, олон улсын уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх, мөн хоёр улсын спортын харилцааг бэхжүүлэх зорилгын хүрээнд Монголын дугуйн холбооны гишүүн байгууллага “Хубилай хаан” клубийн тэргүүн ОУХМ С.Түмэндэмбэрэл нь Кыргыз улсын “Lokomotiv Manas” багтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Уг гэрээний хүрээнд “Хубилай хаан” клубийн U23 ангиллын тамирчид болох Спортын мастер Ц.Энхпүрэв, Спортын мастер И.Билгүүн, Спортын мастер Д.Халиунболд нар тус багийн бүрэлдэхүүнд нэгдэж, Азийн тивийн Continental ангиллын багт уралдахаар боллоо.
Харин багийн удирдлагын бүрэлдэхүүнд:
• Спортын захирал Alexander Kuznetsov
• Спортын захирлын туслах, Viacheslav Ekimov (ОХУ-ын дугуйн холбооны ерөнхийлөгч асан, Олимпын аварга)
• Спортын захирлын туслах Denis Smyslov
• Багийн төлөөлөгч Siarhei Papok нар ажиллаж байна.
Тус багийн Монгол талын менежерээр ОУХМ С.Түмэндэмбэрэл ажиллах бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд унадаг дугуй болон тэмцээн, уралдаанд оролцох зардлыг талууд харилцан хуваан хариуцахаар тохиролцсон бөгөөд Азийн тивд зохион байгуулагдах тэмцээний зардлыг Монголын тал, Европ тивд зохион байгуулагдах тэмцээний холбогдох зардлыг Кыргызстаны тал хариуцахаар тус тус шийдвэрлэсэн байна. Мөн тамирчид Италийн Officine Mattio брэндийн өндөр үзүүлэлт бүхий мэргэжлийн дугуйгаар уралдах юм. 🚴♂️🔥
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын залуу тамирчдад олон улсын тавцанд тогтмол уралдах, мэргэжлийн түвшинд хөгжих, туршлага хуримтлуулах чухал боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд цаашид Монголын дугуйн спортыг дэлхийн түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Монгол тамирчид “Локомотив Манас” багийн бүрэлдэхүүнд багтан анхны гараагаа “Гран-при Иссык-Куль” уралдаанд хийх болно. Үүний дараа дөрөвдүгээр сард Узбекистан улсад болох хоёр олон өдрийн уралдаанд оролцоно. Үүнд:
Grand Prix Fergana (UCI 2.2 ангилал)
Tour of Bostonliq (UCI 2.2 ангилал)
Залуу тамирчдын мөрөөдлийг бодит болгохын төлөө сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж буй “Хубилай хаан” клубийн тэргүүн ОУХМ С.Түмэндэмбэрэл танд гүн талархал илэрхийлье.
Таны тууштай хичээл зүтгэл, алсын хараа нь Монголын дугуйн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу тамирчдад олон улсын тавцанд өрсөлдөх бодит боломжийг нээж өгч байна.
Спортын төлөөх таны чин сэтгэлийн хөдөлмөр, үнэнч зүтгэл үргэлж өндөр амжилтаар үр өгөөжөө өгч, олон олон тамирчны замналд гэрэл асаасаар байх болтугай. 🇲🇳🚴♂️
🇲🇳🚴♂️🇰🇬
Тамирчдадаа өндөр амжилт хүсье!