30/10/2026
БНСУ-ын Хууль зүйн яамны 10-р сарын 28-ны албан ёсны мэдэгдлийг эш татан Өмнөд Солонгосын Yonhap агентлаг болон The Korea Herald сонин мэдээлснээр, Монгол Улсын иргэдэд зориулсан аяллын компаниар дамжуулан виз мэдүүлэх шинэ журмыг 10-р сарын 30-наас хэрэгжүүлж эхлэхээр болжээ.
Энэхүү туршилтын хөтөлбөр 2027 оны 10-р сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд шаардлага хангасан Монголын иргэд C-3-2 ангиллын визээр БНСУ-д 15 хүртэл хоног аялах боломжтой болно.
Шинэ журмын дагуу Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас сонгосон долоон аялал жуулчлалын компанийн зохион байгуулсан, таваас доошгүй хүн хамтдаа аялах хөтөлбөрт оролцогчид хамрагдах юм. Эхний шатанд байгууллагын ажилтнуудын урамшуулалт аялал, сургалтын аялал болон сурагчдын зохион байгуулалттай аялалд түлхүү үйлчлэхээр төлөвлөжээ.
БНСУ-ын эрх баригчид энэхүү шийдвэр нь Монголын иргэдийн виз мэдүүлэх үйл явцыг хялбарчилж, хоёр улсын аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг өргөжүүлнэ гэж үзэж байна. Туршилтын үр дүнгээс хамааран цаашид журмыг байнгын болгох, хамрах хүрээг нь өргөжүүлэх эсэхийг шийдвэрлэх аж.